Технологи

“Porsche” компани анхны цахилгаан автомашинаа танилцууллаа.

“Porsche” компани өөрсдийн анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа. Шинээр гарч буй “Taycan” загвар нь толгой компани болох “Volkswagen”-ийг цахилгаан автомашины ангилалд дэлхийд тэргүүлэхэд түлхэц болно гэж тус компани үзэж байна.

Энэхүү автомашин нэг цэнэглэлтээр 450 км зам туулах хүчин чадалтай. Мөн 100 км зам туулах цэнэгийг ердөө дөрвөн минутын хугацаанд авах боломжтой гэдгээрээ онцлог болсон байна. Цахилгаан автомашины зах зээлд “Tesla”-ийг гүйцэж түрүүлэх зорилт тавьсан “Volkswagen”-ийн шинэ автомашины үндсэн хувилбар нь 100 мянган ам.доллароос хямд байх таамагтай байна. Харин “Turbo” хөдөлгүүртэй загвар нь 150 мянга 900 ам.доллар, “Turbo S” загвар нь 185 мянган ам.доллар байхаар төлөвлөсөн бөгөөд ирэх оны эцсээр худалдаанд гаргахаар товтой байна.

“Porsche” брэндийн Гүйцэтгэх захирал Оливер Бүүм “Энэхүү автомашин бол бидний сүүлийн 70 жилд үйлдвэрлэсэн автомашинаас тэс өөр. “Porsche” цаашид тогтвортой ирээдүйд чиглэн ажиллана” хэмээн онцоллоо.

Түүнчлэн “Volkswagen” компани ирэх долоо хоногт болох Франкфуртын авто шоуны үеэр бага оврын хямд үнэтэй цахилгаан автомашин болох “ID.3”-ийг олноор үйлдвэрлэх загварыг танилцуулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Эх Сурвалж: Bloomberg Mongolia