Технологи

“Facebook” компани Лайкийн тоог нуудаг болгохоор төлөвлөж байна.

Фэйсбүүк компани өөрийн сүлжээнд лайкийн (Like) тоог нуудаг болгох туршилтыг эхэлсэн бололтой.

Судлаач Жэйн Манчун Вон нийтэлсэн хүнээс бусад хүмүүст лайкийн тоог харагдуулахгүй байхаар бичигдсэн кодыг тус үйлчилгээний Андроид аппликэйшны дотроос олсноо мэдээлжээ.

Энэ талаар Фэйсбүүк компаниас тодруулахад ийм туршилт хийхээр төлөвлөж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.

Инстаграм үйлчилгээ энэ оны эхнээс Лайкийн тоог нуух туршилтыг хязгаарлагдмал хүрээнд эхлүүлсэн нь сайн үр дүнтэй байгаа.

Тус компани ийм боломжийг цааш олон орны хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Туршилтад оролцсон хүмүүс ч ам сайтай байгаа гэнэ.

Нийтэлсэн зүйлд нь хэдэн хүн лайк дарсныг бусдад харуулж, гайхуулах, өөрөө сэтгэл ханамжтай байх нь Фэйсбүүкийн нэг чухал хэсэг байсаар ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд Лайкийн тооны араас хөөцөлдөх үзэгдэл хүмүүсийн сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлдэг болж, олон хэрэглэгч нь гомдоллох болсон гэдэг.

Хангалттай лайк цуглуулж чадахгүй байх вий гэсэн айдаснаасаа болоод хүмүүс зарим постоо нийтлэхээ болих, эсвэл нийтлэгдсэн постоо устгах явдал түгээмэл болсон байна.

Тиймээс энэ дарамтаас чөлөөлөгдөх нэг арга нь нийтэлсэн зүйлийнхээ лайкийн тоог өөрөөсөө бусдад харуулах, харуулахгүйг шийдэж байх боломж юм.

Эх Сурвалж: Ikon.mn