Технологи

“Amazon” компанийн Герман дахь ажилтнууд ажил хаяжээ.

“Amazon” компанийн Герман дахь ажилтнууд цалин болон ажлын байрны нөхцөлөө эсэргүүцэн ажил хаясан байна.

“Бидний орлогод хямдрал хэрэггүй” уриан дор болсон ажил хаялт ням гарагийн шөнө Германы Верне, Райнберг, Лейпциг, Грабен, Кобленц, Бад-Херсфельд тосгонд эхэлж, даваа гарагт үргэлжилсэн гэж тус улсын Үйлдвэрчний эвлэл мэдээлжээ.

Жагсагчид “Amazon” компанийн “Prime Day” буюу хямдралын арга хэмжээг тохиолдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ аж. “Уг арга хэмжээний үеэр “Amazon” компани хэрэглэгчдэдээ томоохон хямдрал үзүүлдэг боловч ажилтнууд бага цалин авж байна” гэж жижиглэн худалдааны мэргэжилтэн Орхан Акман хэлсэн байна.

Үйлдвэрчний эвлэлийн хэвлэлийн төлөөлөгчийн “CNN” сувагт мэдээлснээр, нийт 2000 гаруй хүн ажил хаяжээ. “Amazon” болон Германы Үйлдвэрчний эвлэл хоорондын маргаан олон жил үргэлжилж байгаа бөгөөд тус компанийн Герман дахь ажилтнууд 2014 оноос хойш тогтмол ажил хаяж, эсэргүүцлээ илэрхийлсээр иржээ. 

Эх Сурвалж: Монцамэ Агентлаг

Write A Comment