Технологи

АНУ-ын конгресс “Facebook” компанид хандан крипто валютын төслөө хойшлуулахыг хүсэв.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд Фэйсбүүк компанид хандан хэрэгжүүлж байгаа крипто валютын төслөө түр зогсоох хүсэлт тавьжээ.

Энэ хугацаанд хууль тогтоогчид тус компанийн зах зээлд гаргах гэж байгаа Libra валютыг дэлхийн санхүүгийн системд ямар эрсдэл үүсгэж болохыг нарийвчлан судлах юм байна. 

Төлөөлөгчдийн танхим дахь санхүүгийн үйлчилгээний байнгын хорооны дарга Максин Уотерс уг хүсэлтээ Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Шэрил Сандбэрг, Calibra компанийн гүйцэтгэх захирал Дэвид Маркус нарт бичсэнзахидалдаа илэрхийлсэн байна.

Calibra нь Фэйсбүүкийн крипто валютын дижитал хэтэвчийг нэвтрүүлэх зорилготой шинээр байгуулагдсан компани юм.

 “Хэрвээ ийм бүтээгдэхүүн үйлчилгээг хангалттай сайн шалгаж, зохицуулалгүй нэвтрүүлбэл АНУ төдийгүй дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдалд эрсдэл учруулах аюултай юм” гэж уг захидалд өгүүлжээ.

Сенатын танхимын Банкны байнгын хорооны дарга Майк Крапо долдугаар сарын 16-нд Calibra компанийн гүйцэтгэх захирал Маркусыг оролцуулсан сонсгол зохион байгуулахаар товлоод байгаа.

Маргааш нь Максин Уотерсын хорооны гишүүд мөн Libra валютын талаар түүнээс мэдээлэл авах юм.

Өнгөрсөн сард Фэйсбүүк компани “Libra” крипто валютын төсөл эхлүүлснээ анх удаа нийтэд танилцуулж байв. Хэрвээ төсөл хугацаандаа хэрэгжвэл 2020 оны эхээр зах зээлд нэвтрүүлэх юм байна.

Эх Сурвалж: Ikon.mn

Write A Comment