Хэл Сурах

“Англиар Өөртөө Итгэлтэй Ярьцгаая” Сандрахаа Болих 5 арга

Өнөөдрийн нийтлэлээр Англи хэлээр ярих гэхээр мэддэг үгнүүдээ ч мартаад, сандраад гацаад байдаг хүмүүст зориулж сандралаа алга болгох 5 аргыг танилцуулж байна.

Хүнтэй ярих гэхээр сандраад, юмнуудаа мартаад гацахыг Англиар “Stage fright” гэж нэрлэдэг. Stage fright гэдэг нь мэдээж тайзан дээр хүмүүсийн өмнө жүжиглэх, үзүүлбэр үзүүлэхээс сэдэлтэй ба freedictionary дээр үүнийг үзэгчдийн өмнө ярьж, үзүүлбэр үзүүлэхтэй холбоотой сандралыг хэлнэ гэж дүрсэлсэн байна. Бага зэрэг сандрахад гэмгүй ч гэсэн хэтэрхий их сандрах юм бол бид нар сэтгэж чадахаа больдог. Энэхүү ичимхийрч буй үйлдэл нь 3 айдсаас болдог. Энэхүү 3 айдсын талаар болон эдгээрийг яаж давж гарах талаар өгүүлнэ. Юуны түрүүнд та ганцаараа биш гэдгээ санах хэрэгтэй. Хүн болгон л ичиж, сандардаг. Гэхдээ зарим хүмүүс тэрийгээ сайн нууж, удирдаж чаддаг.

Бэлтгэл

Бэлдэхгүй байх юм бол та улам л их сандрах болно. Та ямар хүмүүстэй уулзаж, ямар зүйлсийн талаар ярьж болохоо өөрөө төсөөлөн бэлдээрэй. Англиар юу гэж хэлдгийг нь мэдэхгүй бол хайгаад мэдэж аваарай. Та бас ямар нэгэн сэдэв сонгоод бэлдэж болно. Тухайлбал, нэгэн сонирхолтой ном сүүлд уншсан бол тэр номныхоо талаар юу гэж ярихаа ч юм уу бэлдэж болно. Энэ талаар хэн нэгэнтэй ярих хэрэг гарахгүй ч байж болно. Гэхдээ хэрэггүй байсан ч та ямар нэг юмны талаар ярьж сурна, бэлтгэлтэй байна гэдэг нь л гол нь юм. Ингэж бэлдэхээр маш их хугацаа хөдөлмөр орох мэт санагдаж байх болох ч, бэлдэх тусам та өөрийн эрхгүй ярьж чаддаг болоод бэлтгэл хэрэггүй болж байгаагаа анзаарах болно. Аажимдаа ямар нэг сэдвээр ярих гэж бэлдэх ч хэрэггүй өөрийн эрхгүй л ярьдаг болох ба таны сандрал ч бага болно.

Сандрахаа зогсоох цаг

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайлбал, та хэсэг бүлэг хүмүүстэй өдөр 12 цагаас уулзах байлаа гэж бодъё. Эхний 30 минут өөртөө сандрах хугацаа олго. Сандрахаа болих гэж оролдох ч хэрэггүй. Тэгээд 30 минут өнгөрсний дараа 12 цаг 30 минут гэхэд та сандрахаа болих хэрэгтэй. Өөртөө ингэж сандрах цаг олгож, дараа нь болиулах гэж оролддог нь сандрахыг аажмаар өөрийнхөө системээс зайлуулах нэгэн арга юм. Яг 12:30 болох үед л ичиж сандрахаа болих хэрэгтэй.

Өөрийгөө сайн танилцуулж сурах

Энэ алхам бол хүн болгонд маш энгийн, байдаг л зүйл мэт санагддаг ч гэсэн хүмүүс ихэнхдээ сайн хийж чаддаггүй үйл юм. Аль болох хурдан хугацаанд хүмүүст өөрийгөө танилцуулж, хүмүүстэй мэндэлж сур. Энгийн санагдаж байж болох ч харилцааны анхны алхмыг хийх нь хамгийн хэцүү байдаг. Тиймээс аль болох хурдан хийх тусмаа танд илүү амар байх болно. Мөн та ганцаараа биш гэдгээ санах хэрэгтэй. Бүгд л сандарч байгаа гэдгийг санах юм бол зөвхөн өөрийнхөө сандралд өөртөө анхаарлаа хандуулахаа больж, өөрийгөө хурдан танилцуулах юм бол тухайн хүнд ч бас амар байх болно. Таньдаг хүмүүсээ хооронд нь танилцуулах, шинээр танилцсан хүнээ өмнө нь таньдаг байсан хүндээ танилцуулах аргуудыг сураарай. Гол нь өөрийнхөө биш бусдын талаар бодож, анхаарал тавьснаар л танд хамаагүй амар байх болно.

Өөртөө үнэнч байх, өөрийнхөөрөө байх

2 аргаар үүнийг хэрэгжүүлж болно. Юуны түрүүнд алдаа гаргах болгондоо битгий уучлалт гуй. Таны төрөлх хэл биш учраас та дүрмийн алдаа, зарим үгсийн утгыг буруугаар ойлгох зэрэг янз бүрийн л алдаа гаргаж болно. Хүмүүс ч таныг Англи хэл сурч байгаа гэдгийг ойлгож байгаа, ер нь тиймэрхүү алдааг тоодоггүй болохоор та алдаа гаргах болгондоо уучлалт гуйх хэрэггүй. Мөн өөрийгөө байгаагаасаа илүү лаг болгож харагдуулах гэж оролдох хэрэггүй. Хүмүүс сандрахаараа өөрийнхөө хийсэн зүйлс, байгаа зүйлсээрээ сайрхах гээд байдаг хандлагатай. Гэхдээ та ингэх хэрэггүй. Даруу төлөв бай. Өөрийнхөө талаар үнэнээ л хэл. Хүмүүс таныг хүндлэх болно.

Бага ярьж, их сонс

Та хэрвээ сайн ярьдаг юм шиг харагдахыг хүсвэл бусдад өөрийнхөө талаар ярих боломжийг олгож, тэрхүү яриаг нь сайтар сонсох юм. Өөрийнхөө талаар ярихаас илүүтэй бусдаас асуух асуултаа бодож ол. Хүмүүсээс асуулт асууж, хариултыг нь сайн сонс. Юу асуух вэ гэж үү? Юу ч асуусан болно. Хүмүүс ер нь өөрийнхөө талаар ярих дуртай байдаг. Санаанд орсон зүйлээ л асуу. Тэгээд хариулахаар нь өөр зүйл бодож олоод асуугаад л бай.

Өнөөдрийн зөвлөгөө ингээд өндөрлөж байна. Хүн болгон сандардаг гэдгийг гол нь санаж яв. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагахад л та удахгүй сандрахаа болих болно.

Write A Comment