Технологи

АНУ-ЫН ТЕХНОЛОГИЙН ТОМООХОН КОМПАНИУД “HUAWEI”-Д ХИЙХ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ЗОГСООЛОО.

АНУ-ын технологийн томоохон компаниуд “Huawei”-д программ хангамж, эд анги нийлүүлэхээ зогсоолоо. Тухайлбал, “Intel”, “Qualcomm”, “Xilinx” зэрэг чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй байхыг ажилтнууддаа үүрэг болгосон талаар эх сурвалж мэдээллээ.

Мөн “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ хүргэхээ зогсоосон гэсэн мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл “Google” компани нийтэд нээлттэй ашиглуулж байгаа лицензээсээ бусад тохиолдолд “Huawei”-тай аливаа техник хангамж, программ хангамжийн бүтээгдэхүүнтэй холбогдсон бизнес хийхгүй юм байна. “Huawei”-ийн шинээр гаргах ухаалаг гар утаснууд БНХАУ-аас өөр газарт “Google Play Store”, “Gmail App” зэрэг түгээмэл хэрэглээний аппликэйшн, үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй болох юм байна. Компаниуд ийм алхам хийж магадгүй таамаг байсан аж. Учир нь “Huawei”-ийг БНХАУ-ын Засгийн газрын тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаа гэж Дональд Трампын Засаг захиргаа буруутгаж байна. Өнгөрсөн баасан гарагт АНУ тус компанийг хар жагсаалтдаа оруулсан юм.

Эх Сурвалж: Bloombergtv.mn

Write A Comment