Кино урлаг

Game of Thrones: Сэрси болон Даэнэрисийн Хийсэн 10 Аймшигт Зүйл

Game of Thrones цувралын дүрүүд нь бусад телевизийн шоу, киноны дүрүүдээс илүү гүн, адармаатай байдаг. Дүр болгон нь өөрийн гэсэн хүсэл, зорилго, хандлага, ёс суртахуунаас хамааран сайн, муу бүхий л үйлийг хийдэг ч үйлдэл болгон нь ихэнх тохиолдолд үнэхээр сайн логик үндэслэлтэй байдаг. Гэсэн ч тэр дундаас хамгийн муу дүр болох Сэрси Ланистэрийн хийсэн хамгийн аймшигтай 5 зүйл болон сайхан сэтгэлтэй, шударга гэгдэх Хатан хаан Даэнэрисийн хийсэн 5 муу зүйлийг танилцуулж байна.

10. СЭРСИ – ЦЭРЭГЖСЭН СҮМИЙН УДИРДЛАГА БАЙГУУЛАХ

Маржери Тайрел хэдэн сарын турш Сэрсид саад болж, хатан хааны цолыг түүнээс булаасан нэгэн. Түүнээс өшөө авах зорилгоор Сэрси цэрэгжсэн сүмийн удирдлагыг дэмжиж Маржери болон түүний хамсаатнуудыг баривчлуулдаг. Өшөөгөө авч, өөрийн нэр хүндээ бусдаас авахын тулд ямар ч аргыг ашиглахаас буцахгүй тэрээр сүмийн хүчийг ашиглан өөрийн хүссэн зүйлээ авдаг. Гэсэн ч удалгүй түүний төлөвлөгөө өөрийнх нь эсрэг болж хэн хүнээс ч илүү нүгэлтэй тэрээр өөрийн зангандаа унадаг.

9. ДАЭНЭРИС – 163 ЭЗДИЙГ ЦОВДОЛЖ АЛДАГ

Даэнэрис Мээрээн хотод анх боолчлолыг үгүй хийх сайхан санаатайгаар ирдэг. Тэрээр хотод ирсэн даруйдаа хэдэн зуун мянган боолуудыг аймшигт амьдралаас нь чөлөөлж эрх чөлөөт иргэд болгож үнэхээр сайн үйлийг хийдэг. Хотын эзэд болох боол эзэмшигчид Мээрээн орох замд 163 хүүхдийг цовдолж алсан байсныг харсан Даэнэрис хорсож хариуд нь 163 эзэдийг цовдолж алдаг. Хэдийгээр муу хүмүүс өөрсдийн хийсэн зүйлийн ялыг үүрэх нь зөв ч энэ үйлдэл нь арай хэрцгий байж болох юм.

8. СЭРСИ – БАЭЛОРЫН СҮМИЙГ ДЭЛБЭЛДЭГ

Сэрси нүглээ наминчлах алхалт хийсний дараа түүний дайснууд түүнийг нэг мөр дийлсэн гэж эндүүрч байсан юм. Түүний үлдсэн гэм нүглийн хурлыг хийхээр түүний дайснууд бүгд Баэлорын сүмийн дээвэр доор цугласан байдаг. Энэ боломжийг ашиглан Сэрси сүмийн цэргүүд болон Тайрелийн гэр бүл гээд бүхий л дайснуудаа нэгэн зэрэг газар доорх тэсрэх бодисыг ашиглан бүгдийг нь дэлбэлж алдаг. Гэсэн ч дайснуудаа дийлж баярлаж байх зуур нь түүний хүү болох Хаан Томмэн хайрт Маржеригаа алдсандаа зүрх нь шархалж цонхоор үсэрч амиа хорлодог.

7. ДАЭНЭРИС – ЖОРАГ ЦӨЛЛӨГТ ЯВУУЛДАГ

Жора бол Даэнэрисийн хамгийн ихээр итгэж явдаг хүн юм. Гэсэн ч Жорагийн өмнө нь Хаан Роберт Баратеоны тагнуулаар ажиллаж байсныг мэдсэн даруйдаа маш их уурлаж бараг толгойг нь авах шахдаг ч оронд нь түүнийг хотоос хөөж цөллөгт явуулдаг. Хэдийгээр дайсны тагнуул байсан ч олон жилийн турш итгэлт зөвлөх байсных нь хариуд өршөөл үзүүлэх байх гэсэн ч үгүй юм. Даэнэрис бүхнийг өөрийн хүссэнээр шийддэг бөгөөд хамгийн аюултай нь түүний хэт туйлын зан юм.

6. СЭРСИ – ЭЛЛАРИАГИЙН ОХИНЫ ҮХЛИЙГ ЭЭЖИД НЬ ХҮЧЭЭР ХАРУУЛДАГ

Ланистэрүүд үргэлж өрөө төлдөг. Эллариа Санд Сэрсигийн охин Мирселлад “удаан хагацал” гэх хор өгч алдаг. Тэгээд Эллариа болон түүний охин Тиенэ нар Сэрсид баригдах үед Сэрси охинд нь өнөөх хорыг өгч ээжийнх өмнө удаанаар тарчлааж алдаг. Ээжийнх нь нүдэн дээр охиныг нь тарчлааж ална гэдэг бол зүгээр ч нэг өшөө авалт биш яргачлал, хэрцгийлэл юм.

5. ДАЭНЭРИС – МОССАДОРЫГ ЦААЗАЛДАГ

Харпины Хүүхүүд гэх хуулийн гадуурх бүлэг Даэнэрисийн удирдлагыг эсэргүүцэж Мээрээн хотод үймээн тарьдаг. Харин түүний цэргүүд тэр бүлгийн нэг хүнийг баривчилж байцаалт авдаг. Эцэст нь түүнийг шүүхээр шүүж ял оноохоор болдог ч хуучин боол байсан Моссадор гэх зөвлөх нь түүний шийдвэрийг эрс эсэргүүцэж шүүх хурлаас өмнө өөрөө алдаг.

Энэ үйлдэл нь мэдээж хэрэг зөв байгаагүй. Гэсэн ч энэ хэргийнх нь төлөө сануулга өгөхөд л болох байтал тэгэхийн оронд түүнийг олон түмний өмнө цаазалдаг. Энэ муу шийдвэр, түүний харгис зангаас болж хот даяар том үймээн дэгдэж бараг иргэний дайн дэгдэх дээрээ тулдаг.

4. СЭРСИ – ХОЙД ЗҮГТ ЦЭРЭГ ИЛГЭЭЖ ТУСАЛНА ГЭЖ ХУДЛАА ХЭЛДЭГ

Түүний дүү Тирион болон Жон, Даэнэрис бүгд түүнтэй уулзалт хийж хойд зүгээс ирж байгаа аймшигт Вайт Волкеруудын армийн талаар анхааруулж тэдний эсрэг тулалдах хэрэгтэй талаар хэлдэг. Амьд вайт харсан Сэрси үнэхээр айсан байдалтай байдаг ч Винтэрфэлл рүү цэрэг явуулна гэж худлаа хэлдэг.

Тэрээр нэг ч цэрэг тийш нь явуулах бодолгүй байсан бөгөөд тэгэхийн оронд өөрийн цэргийг хүчийг бэлддэг. Тэрээр хаан ширээний тоглоомонд орсон л бол нэг бол ялна эсвэл үхнэ гэдэг болохоор ямар ч нөхцөлд боломж л олдох юм бол өөрт ашигтайгаар л ашиглахыг боддог нэгэн юм.

3. ДАЭНЭРИС – РАНДИЛЛ БОЛОН ДИКОН ТАРЛИГ ШАТААЖ АЛДАГ

Ланистэр болон Тарлигийн цэргийн хүчийг дийлсний дараа Даэнэрис олзлогдсон цэргүүдийг өвдөг сөгдөхийг шаарддаг. Харин нэр төрдөө үнэнч Рандилл болон Дикон Тарли нар түүний шаардлагыг хүлээн авахаас татгалздаг. Тирион Даэнэрист тэднийг шоронд хийсэн нь илүү зөв гэж анхааруулсан ч түүний анхааруулгыг үл тоомсорлож тэднийг амьдаар нь шатааж алдаг. Хэдийгээр түүний өвөг дээдэс Долоон Улсыг захирч байсан тэрээр хаан ширээнд суух эрхтэй ч энэ үйлдлээрээ дагагчиддаа энэрэнгүй сэтгэл биш зөвхөн айдсыг л төрүүлж байгаа юм.

2. СЭРСИ – МИССАНДЭЙГ ЦААЗАЛДАГ

Луу хотыг сүйтгэж байхад ногоон өнгийн гал харагдаж байсан нь Сэрсигийн өмнө нь ашигласан тэсрэх бодис юм. Хэрвээ луу хотыг тэр чигт нь шатаагаагүй байсан бол Даэнэрийн цэргүүд хотод орж ирэх үед бүгдийг нь нэгэн зэрэг дэлбэлэхийг Сэрси хүсэж байсан юм. Харин түүнийг цэргүүдийг бүгдийг нь хот дотор оруулахын тулд ямар нэг байдлаар Даэнэрисийн уурыг хүргэх зорилгоор Миссандэйг алсан. Сэрсигийн хамгийн гол хамгаалалт нь хот доторх ард иргэд байсан бөгөөд тэднийг бэртээлгүйгээр луугаа ашиглах боломжгүй болгосон байсан юм. Тэрээр тулаанд ялахын тулд өөрийн ард иргэдийг золиослоход ч бэлэн байсан юм.

1. ДАЭНЭРИС – КИНГС ЛАНДИНГИЙН ШАТААДАГ

Өөрөөр хэлбэл хэн ард иргэдийг алсан нь тэр тулаанд ялах байсан. Даэнэрис үүнийг мэдсэн эсэхийг мэдэхгүй ч түүний уур хилэн түүнийг дайнд ялж, мөн хажуугаар нь хэдэн зуун мянган ард иргэд, хүүхэд, хөгшчүүлийг алахад хүргэсэн. Сэрсигийн цэргүүд аль хэдийн бууж өгсөн байсан ч тэднийг өршөөхийн оронд хотыг тэр чигт нь сүйтгэхийг сонгосон. Энэ үйлдэл нь үзэгчдийг бүгдийг нь алмайруулж орхисон ч түүний хийсэн бусад муу зүйлсийг зэрэгцүүлэн харах үед, тийм ч гайхам зүйл биш байсан бололтой.

Write A Comment