Хэл Сурах

Англи Хэлний Сонсголын Чадвараа Сайжруулах 5 Арга

Энэ нийтлэлээр танд Англи хэлний сонсголын чадвар болон ямар ч гадаад хэл сурахад сонсох чадвараа хэрхэн сайжруулах талаар танилцуулж байна.

Хүмүүсийн сонсголын чадвар төдийлөн хурдан сайжирдаггүй гол шалтгаан нь яаж сонсохоо сайн мэдэхгүйгээс л болдог. Сонсож байхдаа давхар subtitle(текст)-ийг нь харах ёстой юу эсвэл аудиогоо дангаар нь сонсох ёстой юу? Ямар төрлийн аудио сонсох ёстой вэ? Сонсож байгаа зүйлийнхээ үг бүрийг орчуулж мэдэх ёстой юу?  

Сонсголоо сайжруулах хамгийн гол арга бол чин сэтгэлээсээ сонсох юм. Бүх анхаарлаа зөвхөн сонсож буй зүйлдээ л төвлөрүүл. Идэвхтэй сонсгол л танд үр дүн авчрах болно.

Passive Сонсгол болон Active Сонсгол: Хоорондоо ямар ялгаатай вэ?

Passive буюу Идэвхгүй Сонсгол Яагаад Үр Дүнгүй Байдаг Вэ?

Идэвхгүй сонсгол гэдэг нь та ямар нэг зүйлд бүрэн анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр сонсохыг хэлнэ. Тухайлбал, ажлаа хийж байхдаа Англи хэл дээр радио сонсох, эсвэл Франц дуу тавих ч юм уу. Идэвхгүй сонсгол яагаад үр дүнгээ өгдөггүй вэ гэвэл та үнэхээр сонсохгүй байгаад гол учир нь байдаг. Ажлаа хийж байхдаа, өөр юм бодож байхдаа Англи хэл дээр ямар нэг зүйл сонсоод байвал та гэнэт л бүгдийг ойлгодог болно гэсэн үг биш. Бид Монгол хэл дээр ч сонсож байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхгүй бол юу ярьж байсан талаар дараа нь санадаггүй шүү дээ. Эх хэл дээрээ ч хийж чаддаггүй зүйлээ яагаад гадаад хэл сурахдаа ашиглана гэж? Тиймээс та өөр юм хийж байхдаа сонсголын хичээлээ давтдаг бол үүнийгээ болиод ганцхан сонсож буй зүйлдээ анхаарлаа хандуулаарай.

Яагаад Сонсголын Хичээлийг Идэвхтэй Хийх Хэрэгтэй Вэ?

Та ямар нэг зүйлд анхаарлаа хандуулж байж л тархи тэрийг санах ёстой зүйл гэж хүлээж авдаг. Тиймээс ямар нэг зүйлд анхаарлаа хандуулж, тэр үйлдлээ олон давтсанаар тархи энэ бол чухал зүйл, энийг санах хэрэгтэй гэсэн дохио хүлээн авна. Шинэ үг цээжлэхийн тулд л тэр үгээ олон дахин давтдаг ч, энэ арга нь сонсголоо сайжруулах мөн түүнчлэн дуудлага, өргөлт, аялгаа сайжруулахад ч хэрэгтэй. Та сонсож буй зүйлдээ маш сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс сонсголын хичээлээ давтахдаа идэвхтэй сонсгол хийх хэрэгтэй юм.

Үгний дуудлага дангаараа болон өгүүлбэрт орохдоо ялгаатай байдаг учраас та Англи хэл дээр өөрийнхөө мэддэг үгсийг ч сонсоод танихгүй байх тохиолдол бий. Тухайлбал, Америкчууд ‘what’s up?’ гэдгийг ‘wassup?’  ‘how’s it going?’ гэдгийг ‘howsagoin?’ гэж ихэнхдээ хэлдэг.

Тиймээс сонсголоо төвлөрч байж давтах нь маш чухал юм. Үгийг дангаар нь сурлаа гээд тийм ч хангалттай биш ба өөр, өөр өгүүлбэрт яаж ашиглагдаж дуудагдаж байгааг сурах нь чухал.

Тэгэхээр сонсголын чадвараа хөгжүүлэхийг тулд илүү идэвхтэйгээр сонсоод үзээрэй.

Сонсголын Чадвараа Хөгжүүлэхэд Хэрэгтэй Хэрэгслүүд

Аудио болон тексттэйгээ хамт материал ашиглах нь зүгээр. Текст нь хэрэгтэй гол шалтгаан нь таны дуудлагыг нь мэдэхгүй үгнүүд гарвал та сонсоод сурч авах юм.

Өөрийгөө шалгахын тулд эхлээд текстээ харахгүйгээр сонсоод үз, харин дараа нь хэр ойлгосон гэдгээ текстнээсээ шалгах маягаар сонсголоо давтаарай.

Дараах материалуудаас сонсголын хичээлээ давтаж болно:

  • Кино болон цуврал кино (доороо subtitle-тайгаа)
  • Текст нь байгаа Подкаст
  • Euronews юм уу BBC-ийн мэдээнүүд
  • Youtube бичлэгүүд (доороо subtitle-тайгаа)
  • Аудио ном ба тухайн номны pdf юм уу хэвлэмэл хувилбар
  • Харилцан ярианууд болон түүний бичвэрүүд
  • Англи хэл сурах бичгийн аудио болон түүний текст

Сонсголын Чадвараа Сайжруулах 5 Арга

1-р Алхам: Аудиогоо л сонс – Уншихгүйгээр!

Энэ аргын эхний алхам бол аудиогоо зүгээр л дангаар нь сонсох юм. Текст, бичвэрийг нь түрүүлж уншихгүй эсвэл сонсонгоо гүйлгэж уншихгүй. Үүний гол зорилго нь таны сонсголын чадвар хэр байна, ямар нэг харааны тусламжгүйгээр сонсоод хэр их зүйл ойлгож байгааг шалгах юм.

Гэхдээ мэдээж таны хэлний түвшин тийм ч сайн биш бол эхэндээ маш хэцүү байна. Тиймээс үг бүрийг нь сонсож ойлгохоос илүүтэй ерөнхийдөө юу ярьж байгааг нь ойлгохын тулд анхаарлаа хандуулаарай.

Тухайн ярьж буй зүйлийн гол түлхүүр үгнүүд, үг хэллэгүүдийг нь сонсож чадвал бичиж ав. Агуулгыг нь ойлгоход тус болж болохоор юу ч байсан хамаагүй бичээд л бай.

2-р Алхам: Давт!

Текстээ харах арай болоогүй байна. Ихэнх хүмүүс сонсож үзээд л яаран текстээ унших алдаа гаргадаг. Сонсголын чадвараа сайжруулахын тулд давтаж байгаа учир одоохондоо сонсож буй зүйлдээ л анхаарлаа хандуул.

Эхний сонсолтоороо та магадгүй ганц, хоёр гол түлхүүр үг, ярьж буй зүйлийн санааг таамаглах байх. Аудиогоо давтаж сонсоод байвал анх сонсож чадаагүй орхигдуулсан үг хэллэгүүдээ ойлгох нь уу гэдгээ хар. Ер нь ямар агуулгатай гэдгийг таамагласан бол сайн байна. Хэрвээ яг юу яриад байгааг сайн ойлгохгүй байвал санаа зоволтгүй. Гол нь ойлгож, сонсож чадаж байгаа, чухал гэж бодсон зүйлсээ л тэмдэглэж ав.

Танд дор хаяж 3-аас дээш удаа сонсохыг зөвлөж байна. Та сонсох бүртээ бага багаар ойлгож эхэлнэ. Таны гол зорилго бол текстээ уншиж үзэхээсээ өмнө өөрийнхөө түвшинд, чадах хэмжээгээрээ л сайн сонсохыг хичээх юм. Бүх сонсож чадсан зүйлсээ тэмдэглэсэн гэж үзвэл дараагийн алхамдаа ороорой.

3-р Алхам: Уншиж эхлэх

Одоо л текстээ харна даа. Бичвэрээ бүгдийг нь сонсоод, хэр ихийг ойлгосноо шалгаж үз. Юу ярьж байгаа талаар ядаж “баримжаатай” болсон байна уу?

Текстээ уншиж байхдаа шинэ үгнүүд байгаа эсэхийг шалга. Шинэ үгнүүдийн утгыг нь эхлээд таах гэж оролдоод үз, тэгээд толь бичгээс утгыг нь хараарай. Дараа хэрэг болж магадгүй, сурах хэрэгтэй гэж бодсон шинэ үгнүүдээ бичиж аваад шинэ үгийн жагсаалтандаа нэмээрэй.

Шинэ үгнүүдийг сонсоод ойлгоогүй байх тохиолдол байх ч, та өөрийн мэддэг үгнүүдээ сонсоод ойлгоогүй байх ч тохиолдлууд байна! Зарим үгнүүд өгүүлбэрт орохоороо ярианд ашиглахдаа арай өөр хурдаар, өөрөөр дуудагддаг. Аудиогоо давтаж сонсохдоо тэр өөрөөр дуудагдаж байгаа үгнүүдийг сайтар сонсоорой.

4-р Алхам: Тексттэйгээ хамт Аудиогоо сонс

Текстээ хэд хэдэн удаа уншаад мэдэхгүй үгнүүдийнхээ утгыг хараад аудиогоо сайн ойлгосон байх. Тэгвэл одоо дахин хэдэн удаа текстээ харангаа сонсоод үз.

Энэ удаа сонсголын болон харааны чадвараа хослуулан ажиллуулж байгаа болохоор үгнүүдийн дуудлагыг анзаарч, хэвшмэл хэллэгүүд болон холбоо үгнүүдийг яаж дуудаж байгааг сайн анзаараарай.

Хэрвээ танд мэдэхгүй маш олон шинэ үгнүүд байвал аудиогоо эхнээс нь дуустал сонсохгүйгээр хэдэн жижиг хэсгүүдэд хуваагаад хэсэг бүрээ дахин дахин давтаж ажиллавал зүгээр.

Энэ алхам дээр текстээ уншингаа сонсохыг дор хаяж 2 удаа давтах хэрэгтэй.

5-р Алхам: Текстгүйгээр Дахиад Нэг Сонсоод Үз

Эцэст нь аудиогоо бичвэрээ харалгүйгээр дахин хэдэн удаа сонсоод үз. Энэ удаа та бичвэрээ харахгүй байсан ч сонсож байгаа зүйлээ бараг бүгдийг нь ойлгох ёстой.

Дараагийн хэдэн өдөртөө тухайн бичлэгийг зав л гарвал сонсоод байх нь сайн. Утсан дээрээ бичлэгээ татаж аваад завтай болохоороо л сонсоод бай. Олон дахин давтах тусам таны чихэнд улам хоногших болно. Та энэ бичлэг дээр сурсан үг хэллэгүүдийг харахгүйгээр ойлгодог болсон болохоор харилцан ярианд эсвэл өөр бичлэг дээр гарвал сонсоод л шууд танина.

Дүгнэлт: Сонсох чадвар тийм хурдан амархан сайжирдаг чадвар биш

Гадаад хэл сурахад зөвхөн сонсгол гэлтгүй бусад чадварууд ч ид шидийн мэт хурдан сайжрахгүй.

Сонсголын чадвараа сайжруулахад хугацаа орно, маш их зүйлийг анхаарлаа төвлөрүүлж сонсож хичээллэнэ гэхдээ зөв аргаар хичээх юм бол таны бодсоноос хурдан сайжрах болно. Тиймээс битгий шантраарай.

Write A Comment