Технологи

Эрдэмтэд анх удаа өвчтөний өөрийнх эсийг ашиглан 3D хэвлэгчээр хүний зүрх бүтээжээ.

Израйлийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд өвчтөнөөс авсан биологийн материалыг ашиглан гурван хэмжээст хэвлэх технологиор хүний зүрх бүтээжээ.

Судас, ховдол, тасалгаа, эсүүдээс тогтох иж бүрэн зүрхийг хэрхэн бүтээснээ эрдэмтэд “Advanced Science” сэтгүүлийн өчигдрийн дугаарт тайлбарласан байна.

Тэд эхлээд өвчтөний биенээс өөхлөг эдийг авсныгаа “бэх” болгон ашиглаж, хүний зүрхийг хэвлэжээ. Ийм аргаар гаргаж авсан зүрх нь одоогоор туулайн зүрхний хэмжтээтэй жижиг байгаа юм. Цаашдаа энэ технологиор хүнийхтэй ижил хэмжээтэйг бүтээж болох гэнэ.

Өвчтөнд өөрийнх нь эд эсээр бүтээсэн зүрх суулгах нь эрсдлийг багасгах ач холбогдолтой ажээ. Учир нь хүний бие өөрийн биш, гадны биетийг хүлээж авахгүй байх үзэгдэл түгээмэл байдаг.

Дараагийн ээлжинд эрдэмтэд бүтээсэн хиймэл зүрхээ жинхэнэ зүрх шиг ажилладаг болгох зорилго тавиад байна. Одоогоор гаргаж авсан зүрх нь агшиж чаддаг ч буцаад тэлэх чадваргүй байгаа ажээ.

Үүний дараа тэд 3 хэмжээст хэвлэх технологиор бий болгосон зүрхээ амьтны загварт суулгаж туршина. Дараа нь хүнд суулгаж үзэх юм байна.

Ойролцоогоор 10 жилийн дараа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүд зүрхний өвчтэй хүмүүст өөрийнх нь био материалаар бүтээсэн зүрхийг шилжүүлж суулгадаг болно гэж Израйлийн эрдэмтэд тооцоолжээ.

Хөгжингүй орнуудад өнөөдөр зүрх судасны өвчин нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Зүрхний өвчлөлийг бүрмөсөн эмчлэх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах юм байна.