Технологи

Хиймэл Оюун Ухаан Dota 2-н Аваргуудыг Ялсан Байна

Элон Маскийн Хиймэл Оюун ухааны судалгааны байгууллага болох Open AI нь хиймэл оюун ухааны системд Dota 2 тоглохыг сургаж дэлхийн аварга багийг хожсон байна.

Уг тэмцээн нь Сан Францискод болсон бөгөөд Dota 2-н мэргэжлийн баг, 2018 оны дэлхийн аварга OG багийн эсрэг тоглосон байна. Түрүүлж 2 хожсон баг нь тэмцээний ялагч болох байсан бөгөөд OpenAI Five баг эхний 2 тоглолт дээрээ хожиж ялагч болсон байна.

Тоглолтын хувьд Captain’s Draft буюу баг тус бүр эсрэг багийн сонгож магадгүй гэсэн баатруудыг тоглолтоос хасаж, тодорхой дарааллаар өөрсдийн баатруудыг сонгодог байна.

Хэдийгээр мэргэжлийн багийн тоглогчид хиймэл оюун ухааны системтэй ойрхон тоглож, хүчтэй өрсөлдөж байсан ч систем нь өөрсдийн давуу байдал болон ялах магадлал зэргийг маш сайн тооцоолж байсан тул тоглолтын 30-д минут гэхэд л маш ойрхон тоглолтоос шууд л хэт давуу болж эхний тоглолтыг 40 дэхь минутад дуусгасан байна. Харин хоёр дугаар тоглолт нь үүнээс хоёр дахин бага хугацаанд дууссан буюу 20 дохь минут гэхэд л хожих нь тодорхой болсон байна.

OpenAI Five-н бүх роботууд ижил суралцах системтэй бөгөөд нэг системийн дагуу бие дааж үйлдэл хийдэг байна. Энэхүү систем нь тоглох бүртээ гаргасан алдаанаасаа суралцах шинжтэй бөгөөд олон удаа тоглох тусам улам сайн тоглодог болдог байна.

Dota 2 нь маш төвөгтэй стратегийн тоглоом бөгөөд олон баатруудаас хамаарч тоглолтуудын шинж чанар өөрчлөгддөг бөгөөд үүнийг дагаад гарч болох боломж, хувилбарууд нь маш их байдаг. Тиймээс л энэ нь Хиймэл Оюун Ухаан хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой тоглоом ажээ.

Write A Comment